Газар тариалангийн салбарын өнөөгийн байдал
Дархан-Сэлэнгийн бүс нутаг нь улсын хэмжээний үр тарианы 55.0-60.0 хувь, төмс, хүнсний ногооны 25.0-35.0 хувийг дангаараа үйлдвэрлэж, Монгол орны хүн амыг эх орны хөрсөнд ургуулсан, эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдхүүнээр хангахад томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн бөгөөд цаашид ч ач холбогдол нь улам өсөн нэмэгдэх болно.
Монгол улсын газар тариалангийн шинжлэх ухааны толгойлох байгууллага болох Ургамал, газар тариалангийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн нь орон нутагт байрлаж, үйл ажиллагаа явуулж байдгийн хувьд Монгол орны болон бүсийн газар тариалангийн салбарын өнөөгийн дүр төрх болон цаашдын чиглэлийг тодорхойлоход Дархан-Уул аймгийн газар тариалангийн салбарын хөгжил чухал нөлөөтэй байгаа билээ.
Тус аймаг газрын нэгдмэл сангийн балансад тусгагдсанаар нийт 33.4 мян.га тариалангийн эргэлтийн талбайтай.
Аймгийн хэмжээнд үр тариа 2013 онд 10640.5 га-аас 11683 тонн буюу га тутмаас дунджаар 11.0 центр, төмс 695 га-аас 7931 тонн буюу га тутмаас дунджаар 114.1 цн, хүнсний ногоо 1240.5 га-аас 14501 тн буюу га тутмаас дунджаар 116.9 цн, малын тэжээл 198 тн, техникийн ургамал 1542 тн ургац тус тус хураан аваад байна.
Хураан авсан ургац нь аймгийн хүн амын физиологийн хэрэгцээт үр тариагаар 96.6 хувь, төмсөөр 1.8 дахин, хүнсний ногоогоор 2.3 дахин хангах боломжийг бүрдүүлсэн байна.
Газар тариалангийн ажлын үндсэн хэсэг болох уринш боловсруулах ажлыг 13.2 мянган га талбайд хийсэн нь өмнөх оныхоос 600 га-аар нэмэгдэж аймгийн хэмжээнд нийт тариалангийн эргэлтийн талбайн ашиглалтыг 93 хувь буюу 31.8 мянган га-д хүргээд байна.
2013 оны байдлаар нийт 43 аж ахуйн нэгж, 33 иргэн үр тарианы үйлдвэрлэл, 32 аж ахуйн нэгж төмс хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэж байна.
Дархан-Уул аймгийн газар тариалангийн үйлдвэрлэлийг улсын түвшинтэй харьцуулахад тариалан эрхлэгч аж ахуйн нэгжийн 3.1 хувь, өрхийн аж ахуй эрхлэгчдийн 5.7 хувь, нийт эргэлтийн талбайн 4.3 хувь, уриншийн 2.5 хувь, тариалангийн талбайн 5.7 хувийг, ургацын хувьд үр тарианы 1.7 хувь, төмсний 5.0 хувь, хүнсний ногооны 12.0 хувийг тус тус эзлэж байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлд үр тарианы бүтцэд рапс, овъёос нэмэгдсэн, хүнсний ногооны үйлдвэрлэл тогтвортой өсөж, нэр төрөл олширсон, бага оврын техник, тоног төхөөрөмжийн ашиглалт нэмэгдэж байгаа, жимсний үйлдвэрлэл сэргэж эхэлсэн, төмсний болон зарим ногооны үр үйлдвэрлэж байгаа зэрэг нааштай алхамууд байна.
Цаашид манай орны байгаль цаг уурын нөхцөл хуурайшиж байгаа нь юуны өмнө усалгаатай тариаланг хөгжүүлэх, зуны богино хугацаанд арвин ургац өгөх нутагшсан сорт бий болгох, түүнд тохирсон техник технологи нэвтрүүлэх, чадварлаг инженер техникийн ажилтан, мэргэшсэн ажилчидтай болох, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж байгаа аж ахуйн нэгж, иргэн бүрийн санхүүгийн чадавхийг сайжруулах, хураан авсан ургацаа хадгалах агуулахын аж ахуйг хөгжүүлэх зэрэг зорилтыг хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Үр тарианы үйлдвэрлэлийн өнөөгийн байдал: Аймгийн газар тариалангийн салбарын хөгжлийн түүхэнд 1988 онд 17.5 мянган га-д үр тариа тариалж, 32.2 тонн буудай хурааж, нэг га-аас 18.1 цн ургац авч байсан хамгийн өндөр амжилт байлаа.
Хонгор сумын хэмжээнд нийт 43 аж ахуйн нэгж, 33 иргэн үр тарианы үйлдвэрлэлийг эрхлэж байгаа бөгөөд 2013 онд үр тарианы 10.6 мян.га талбайд тариалалт хийж, 13.2 мян.га-д чанар сайтай уринш хийсэн байна.
Төмс, хүнсний ногооны салбарын өнөөгийн байдал: Дархан-Уул аймаг нь төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлээр улсад тэргүүлэх байрыг эзэлдэг бөгөөд 2013 оны ургацын дүнгээр төмсний үйлдвэрлэлтээр аймгийнхаа дотоод хэрэгцээг 1.8 дахин хангаж байна.
Монгол улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Ногоон хувьсгал” хөтөлбөрийг тус аймагт амжилттай хэрэгжүүлсэнээр өрхийн тариалан эрхлэгчдийн тоо 10.0 гаруй мянгад хүрч, тариалах талбай нэмэгдэж, нийт ургацын хэмжээ өсч, хүн амын төмс, хүнсний ногоогоор өөрийгөө хангах түвшинг нэмэгдүүлэн, өрхийн бодит орлого дээшилсэн.
Дархан-Уул аймагт байцаа, шар манжин, шар лууван, хэмх, лооль, сонгино, сармис, хулуу, навчит үнэрт ногоо зэрэг 8 төрлийн ургамлыг голлон тариалж байна.
Тариалах ургамлын бүтцэд нилээд өөрчлөлт орж байна. Тухайлбал 20-оод жилийн өмнө хүнсний ногоо тариалах талбайн 90 хувийг байцаа, 3.0 хувийг шар манжин эзэлж байсан бол одоо 13.9 хувийг байцаа, 63.3 хувийг шар лууван, 3.0 хувийг хэмх, 1.8 хувийг лооль, 10.7 хувийг сонгино, 3.6 хувийг бусад ногоо эзлэх болсон байна.
Хүнсний ногооны нийт үйлдвэрлэлийн хэмжээгээр хүн амын хэрэгцээг бүрэн хангаж байгаа хэдий ч нэр төрлийн хангамжийн хувьд харилцан адилгүй тухайлбал, байцаа, манжин, сармисны хэрэгцээний 17.2-67.5 хувийг хангаж байна.
Иймээс орон нутгийн үйлдвэрлэлийн бололцоотой бүхий л чиглэлээр хүнсний ногооны нэр, төрлийг олшруулан, тариалалтыг шатлан нэмэгдүүлэх явдал чухал байна.
Сүүлийн жилүүдэд, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлийн усан хангамжийг сайжруулах, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх, таримлын нэр төрлийг олшруулах, бага оврын трактор, усалгааны системийг ашиглах замаар бүтээмжийг дээшлүүлэн эрчимжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байгаа боловч “Ногоон хувьсгал,” хөтөлбөр хэрэгжиж эхлэхийн өмнө төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд мэргэжлийн томоохон аж ахуйн нэгжүүд зонхилж байсан бол эдүгээ жижиг хувийн үйлдвэрлэгчид болон өрхийн тариалан буюу мэдлэг, туршлага, эрчимжүүлэлт багатай үйлдвэрлэл зонхилох болсонтой холбоотойгоор сүүлийн жилүүдэд агротехнологи их зөрчигдөж байгаагаас нэг га-аас авах ургацын хэмжээ тогтвортой нэмэгдэхгүй байна.
Зоорь, хүлэмжийн аж ахуйн өнөөгийн байдал: Судалгаагаар Дархан-Уул аймгийн хэмжээгээр 11593 гаруй тонн ногоо хадгалах хүчин чадал бүхий 656 зоорь байна. Эдгээр зоорийн аж ахуйн 30.0 гаруй хувь нь иж бүрэн механикжсан технологийн зоориуд байгаа боловч зах, зээлийн нөхцөлд өртөг, зардлаа даахгүй болон хувьчлалын дүнд бий болсон аж ахуй, зохион байгуулалтын байдлаас шалтгаалан бүрэн ашиглагдахгүй байсаар байна.
Аймгийн хүн амын хүнсний хэрэгцээг төмс, хүнсний ногоогоор бүрэн хангахуйц үйлдвэрлэл явуулж байгаа хэдий ч ногоог технологийн дагуу хадгалах зоорь, агуулахын аж ахуйн эзэмшил, хувьчлалын зохион байгуулалттай холбоотойгоор зах зээлд нийлүүлэгдэх төрөл бүрийн ногооны хангамж жигд биш, ногоочид хураалтын үедээ хямд өртгөөр ногоогоо борлуулдагаас ашгийн түвшин ихээхэн буурч, энэ хэмжээгээр тэдний амьдралд нөлөөлж байна.
Тус аймгийн хувьд хөрсний бүтэц, гадаргуугийн усны нөөц, нарны энергийг ашиглах боломж, хүн амын хэрэглээний онцлог зэргээс үзэхэд хучлагатай тариалангийн аж ахуйг хөгжүүлэх бүрэн боломж байдаг.
Хүлэмжийн аж ахуйн тоо 2002 оноос тогтвортой өсч, одоогоор аймгийн хэмжээгээр нийт 196 хүлэмжинд буюу 23.9 мянган.м.кв талбай бүхий хүлэмжийг ашиглаж байгаа нь 1990 онтой харьцуулахад тоо хэмжээ нь 3.4 дахин, эзлэх талбай бараг 6 дахин өсчээ. Харин хучлагатай тариалангийн арга технологийг ногоочид бүрэн эзэмшээгүй байгаа, хүлэмжийн технологийн горим зөрчигдөж байгаагаас нэгж талбайгаас хурааж буй ургацын хэмжээ төдийлэн нэмэгдэхгүй байна.
Хүнсний ногооны үйлдвэрлэлд эзлэх хэмх, лооль бусад таримлын хувийг нэмэгдүүлэх, хүн амын хүнсний ногооны хэрэгцээнд эдгээр ногооны хангамжийг сайжруулахад хучлагатай тариаланг өргөжүүлэх явдал чухал байна.
Энэхүү ажлын эхлэл болгож аймгийн засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулахаар тусган ажиллаж байна. Энэхүү ажлын үр дүнд 2016 онд орчин үеийн шаардлагад нийцсэн аж ахуй бий болж аймгийн иргэд шинэ ургацын ногоогоор жилийн турш хангагдах нөхцөл бүрдэнэ.
Жимс, жимсгэний үйлдвэрлэлийн өнөөгийн байдал: 2002 оноос тариалангийн салбарын уналт жимсний аж ахуйд бүр ч хүндээр тусаж жимст цэцэрлэгийг шинээр байгуулах байтугай хуучин цэцэрлэгийн арчилгаа орхигдож, нэгэнт бий болсон талбайн хэмжээ буурч, мөн түүнчилэн байгалийн жимс, жимсгэний генийн сан, нөөц багассан.
Энэ нь олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа боловч тэдгээрийн дотроос орон нутагт зохицсон өвөл болон хүйтэнд тэсвэртэй, өвчин хортонд тэсвэр сайн, арвин ургацтай жимс, жимсгэний сортууд цөөн байгаа мөн нийт мод, бутны 60-70 хувь нь хөгширсөн, суулгац гаргах үржүүлгийн газрын хүчин чадал хүрэлцээгүй, техник хуучирсан зэрэг нь гол шалтгаан болж байсан.
Сүүлийн жилүүдэд төр засгаас жимс жимсгэнэ тэр дундаа чацарганы үйлдвэрлэлд онцгой анхаарч 2010 онд Чацаргана үндэсний хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна.
Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр чацаргана тариалах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэж 2013 онд жимст цэцэрлэгийн талбай 117.8 га талбайд хүрч, 22.3 тонн жимс хураан авсан нь 2007 оноос тариалсан талбай 67.5 га буюу 2.8 дахин, хураан авсан ургац 15 тонноор буюу 3.0 дахин өсөв.